Эхний 1000 хоног - гэдэсний микробиомын суурь
2026 оны 10 сарын 07

Хүүхдийн эрүүл дархлааны суурийг хэрхэн бүрдүүлэх вэ?
Эцэг эхчүүд бидний хувьд хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайхан байдлаас илүү чухал зүйл гэж үгүй. Харин хүүхэд ханиад хүрэхэд удалгүй ээж, аав, эмээ, өвөө гээд гэр бүлийнхэн бүгд ханиад хүрэх нь бий. Тиймээс хүүхдийн эрүүл дархлааны тогтолцооны суурийг багаас нь дэмжих нь зөвхөн хүүхдийн төдийгүй гэр бүлээрээ эрүүл байхад тустай.
Дархлаа ба гэдэсний микробиом ямар холбоотой вэ?
Хүүхдийн дархлааны тогтолцоо төрснөөс хойш аажмаар хөгжиж, тогтворждог.
Судалгаагаар гэдэсний микробиом буюу гэдсэнд оршин байдаг олон төрлийн бичил биетний экосистем нь дархлааны тогтолцооны хөгжил, бүрэлдэлтэй нягт холбоотой болохыг харуулсаар байна.
Гэдэсний микробиомын үндсэн суурь нь амьдралын эхний 1000 хоногт бүрэлддэг. Тиймээс энэ үе нь хүүхдийн урт хугацааны эрүүл мэнд, дархлааны тогтолцооны суурийг дэмжих чухал үе юм.
Судалгаагаар жирэмсний үе болон хүүхдийн амьдралын эхний үе шатанд тодорхой пробиотик омгуудыг хэрэглэх нь хүүхдийн дархлааны тогтолцооны хөгжилд эерэгээр нөлөөлж, экзем зэрэг зарим харшлын эмгэгийн эрсдэлийг бууруулахад тустай байж болохыг харуулсаар байна.
Жишээ нь, L. rhamnosus HN001 омгийн хэрэглээ нь хүүхдийн экзем болон харшилд өртөмтгий байдлыг бууруулахтай холбоотой болохыг судалгаагаар харуулсаар байна.
Жирэмсний үеэс эхэлнэ
Хүүхдийн микробиомын хөгжилд эхийн микробиом чухал үүрэгтэй. Төрөх үеэсээ эхлээд хүүхэд эхийн бичил биетнүүдтэй танилцаж, цаашлаад арьс-арьсны хүрэлцэх байдал болон хөхний сүүгээр дамжин төрөл бүрийн бичил биетэнтэй харилцдаг.
Тиймээс жирэмсэн үедээ эрүүл, тэнцвэртэй хооллох, стрессээ зохицуулах, өөрийн эрүүл мэнддээ анхаарах нь ээжид төдийгүй хүүхдийнхээ эрүүл мэндийн эхлэлийг дэмжихэд чухал.
Нярай үе: Хөхний сүү ба микробиом
Хүүхэд төрсний дараа микробиомын хөгжил бүрэлдэл үргэлжилсээр байдаг. Хүүхдийн хооллолт, хүрээлэн буй орчин болон өдөр тутмын харилцаа зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Хөхний сүү нь хүүхдийн өсөлт, хөгжилд шаардлагатай шим тэжээлээс гадна дархлааны эсүүд, даавар болон ашигтай бичил биетнүүдийг агуулдаг. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь нярайн гэдэсний эрүүл микробиом бүрэлдэхэд дэмждэг.
Хүүхэд өсөхийн хэрээр микробиом ч хөгждөг
Хүүхэд ертөнцийг сониучирхан танин мэдэх явцдаа төрөл бүрийн бичил биетэнтэй байнга харилцдаг. Шинэ хоол хүнс туршиж үзэх, гэр бүлийнхэнтэйгээ харилцах, гадаа тоглох, байгаль орчинтойгоо танилцах, тэжээвэр амьтантай харилцах зэрэг өдөр тутмын олон зүйл хүүхдийн микробиомын хөгжилд нөлөөлж байдаг. Тиймээс хүүхдийн эрүүл микробиомыг дэмжихэд зөвхөн нэг зүйлд анхаарахаас илүүтэйгээр тэнцвэртэй хооллолт, идэвхтэй амьдралын хэв маяг болон эрүүл орчныг бүрдүүлэх нь чухал.
Гэр бүлийн эрүүл мэнд гэдэсний эрүүл мэндээс эхэлнэ
Хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой. Гэдэсний микробиомын эрүүл, тэнцвэртэй байдлыг дэмжих нь дархлааны тогтолцооны хэвийн хөгжил, үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэй.
Тиймээс зөвхөн ханиад хүрэхээс сэргийлэх бус, өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин болон гэдэсний эрүүл мэндэд нь анхаарах нь зүйтэй. Эрүүл дадлыг багаас нь бий болгож гэр бүлээрээ эрүүл, аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлцгээе!
Эх сурвалж
- Martin R, Nauta A, Ben Amor K, Knippels L, Knol J, Garssen J. Early life: gut microbiota and immune development in infancy. Benef Microbes. 2010;1(4):367-82.
- Ximenez C, Torres J. Development of microbiota in infants and its role in maturation of gut mucosa and immune system. Arch Med Res. 2017;48(8):666-80.
- Kumbhare SV, Patangia DV, Patil RH, Shouche YS, Patil NP. Factors influencing the gut microbiome in children: from infancy to childhood. J Biosci. 2019;44(2):1-9.
- Wiciński M, Sawicka E, Gębalski J, Kubiak K, Malinowski B. Human milk oligosaccharides: health benefits, potential applications in infant formulas, and pharmacology. Nutrients. 2020;12(1):266. doi:10.3390/nu12010266.
- Wu BB, Yang Y, Xu X, Wang WP. Effects of Bifidobacterium supplementation on intestinal microbiota composition and the immune response in healthy infants. World J Pediatr. 2016;12(2):177-82.
- Wickens K, Stanley TV, Mitchell EA, et al. Effects of Lactobacillus rhamnosus HN001 in early life on the cumulative prevalence of allergic disease to 11 years. Pediatr Allergy Immunol. 2018;29(8):808-14. doi:10.1111/pai.12982.
