2026 оны 07 сарын 28

Пробиотик нь өдөр тутмын дасан зохицох чадварыг (resilience) хэрхэн дэмждэг вэ?
Амьдралд сорилт, өөрчлөлт үргэлж тохиолддог. Хэдийгээр бид эдгээр сорилтоос бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй ч бие махбодынхоо даван туулах, сэргээн дасан зохицох чадварыг дэмжих боломжтой. Дасан зохицох чадвар (resilience) гэдэг нь амьдралын сорилт, стресс болон бусад бэрхшээлийн дараа бие махбод болон сэтгэл санаа эргэн сэргэх чадварыг хэлнэ. Энэ чадвар сайн байх тусам эрүүл мэнд, амьдралын чанараа алдалгүйгээр өдөр тутмын сорилтуудыг амжилттай даван туулах боломжтой.
Дасан зохицох чадварт микробиом ямар үүрэгтэй вэ?
Удамшил болон хүрээлэн буй орчны хүчин зүйлс нь дасан зохицох чадварт нөлөөлдөг ч сүүлийн үеийн судалгаанууд өөр нэг чухал хүчин зүйл болох гэдэсний микробиомын үүргийг онцолж байна.
Гэдэсний микробиом болон хүний эрүүл мэнд нь хоёр чиглэлтэй харилцан хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, бидний эрүүл мэнд микробиомд нөлөөлдөгтэй адил микробиом ч бидний эрүүл мэндэд нөлөөлдөг. Эрүүл мэнд нь бие махбод болон ашигтай бичил биетэнүүдийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд энэ тэнцвэрийг хадгалахад бие махбодын дасан зохицох чадварыг дэмжих нь чухал юм.
Гэдэсний микробиом — зохицуулалтын төв
Гэдэсний микробиом нь хүний биед хамгийн олон бичил биет агуулдаг микробиом юм. Гэдсийг биеийн удирдлагын/ зохицуулалтын төв гэж төсөөлбөл, тэнд байх бичил биетүүд нь тархи, зүрх судас, дархлааны үйл ажиллагаа болон бусад олон эрхтэн тогтолцооны эрүүл мэнд, хэвийн үйл ажиллагааг хангахад “хамтран ажилладаг багийн гишүүд” гэж хэлж болно.
Хамгийн чухал нь тэнцвэр
Гэдсэнд ашигтай болон ашиггүй бичил биетүүдийн тэнцвэр хадгалагдсан үед микробиом нь бие махбодтой зохицон ажиллаж, бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Харин энэ тэнцвэр алдагдвал бие махбод үүнийг янз бүрийн шинж тэмдгээр илэрхийлдэг. Микробиомын тэнцвэр алдагдахыг дисбиоз гэж нэрлэдэг. Дисбиоз нь ашигтай бичил биетүүдийн тоо буурах, өвчин үүсгэж болзошгүй ашиггүй бичил биетүүд олшрох эсвэл микробиомын нийт олон янз байдал буурах үед үүсдэг бөгөөд энэ хоол боловсруулах тогтолцоо, дархлаа болон ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Эрүүл гэдэсний микробиом, эрүүл дархлаа
Дархлааны эсүүд болон гэдэсний бичил биетүүдийн тогтмол харилцан үйлчлэл нь дархлааны тогтолцооны олон бүрэлдэхүүн хэсгийг идэвхжүүлж, хөгжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг судалгаагаар тогтоосон. Тогтмол дасгал хөдөлгөөн булчинг бэхжүүлдэгтэй адил эдгээр харилцан үйлчлэл нь дархлааны тогтолцоог "сургаж", илүү үр дүнтэй дархлааны хариу урвал бүрэлдэхэд тусалдаг. Иймээс гэдэсний микробиомын эрүүл мэндийг дэмжих нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хадгалахад чухал ач холбогдолтой.
Эх сурвалж