Микробиом хэрхэн бүрэлддэг вэ?

2026 оны 07 сарын 23

Микробиом хэрхэн бүрэлддэг вэ?

Микробиом хэрхэн бүрэлддэг вэ?


Ээжээс ирэх хамгийн анхны бэлэг


Хүний микробиомын анхны суурь бүрэлдэхүүн нь ихэвчлэн эхээс дамжин бүрэлддэг. Нярайн микробиомд төрөлтөөс эхлээд (эхийн өөрөөрөө эсвэл кесар хагалгаагаар төрөх), хөхөөр хооллолт, антибиотикийн хэрэглээ болон хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эрүүл гэдэсний микробиом нь нярайн хоол боловсруулалт, дархлааны тогтолцоо болон тархины хэвийн хөгжилд чухал үүрэгтэй. Хүүхэд бор хоол идэж эхлэх үед шинэ төрлийн олон бичил биеттэй танилцаж эхэлдэг бөгөөд үүний үр дүнд гэдэсний микробиом аажмаар тогтворжин, тухайн хүний өөрийн гэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй болдог.


Нас ахихын хэрээр микробиом хэрхэн өөрчлөгддөг вэ?


Нас ахихын хэрээр гэдэсний микробиомын төрөл зүйл, олон янз байдал аажмаар буурах нь хэвийн үзэгдэл юм. Жишээлбэл, Бифидобактери нь нярай хүүхдийн гэдэсний микробиомд хамгийн элбэг байдаг ашигтай бактерийн нэг бөгөөд насанд хүрсэн үед харьцангуй тогтвортой хадгалагддаг. Харин нас ахих болон амьдралын хэв маягтай холбоотой өөрчлөлтүүдийн нөлөөгөөр хэмжээ нь аажмаар буурч эхэлдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь нас ахихын хэрээр зарим архаг өвчин үүсэх эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж болзошгүйг судалгаанууд харуулж байна.


Насанд хүрэгчдийн микробиом


Насанд хүрсэн хүний микробиом нь ерөнхийдөө харьцангуй тогтвортой байдаг. Гэсэн хэдий ч халдвар, антибиотик эмчилгээ, хооллолтын удаан хугацааны өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нь микробиомын тэнцвэр, бүрэлдэхүүнд нөлөөлж болно.


Хэдийгээр микробиом нь цаг хугацааны явцад тодорхой хэмжээнд нөхөн сэргэх чадвартай боловч анхны бүрэлдэхүүндээ бүрэн эргэн ордоггүй ба дээр дурдсан хүчин зүйлсийн нөлөөгөөр тухайн хүний өвөрмөц микробиомын бүрэлдэхүүнд урт хугацааны өөрчлөлт үүсэх боломжтой байна.





Эх сурвалж

  1. Faith JJ et al. Science. 2013.
  2. David LA et al. Nature. 2014.
  3. Palleja A et al. Nature Microbiology. 2018.
  4. O'Toole PW, Jeffery IB. Science. 2015.
  5. Robertson RC et al. Nature Reviews Gastroenterology.
  6. Frontiers in Public Health. The role of antibiotic exposure and the effects of breastmilk and human milk feeding on the developing infant gut microbiome. 2024.
  7. Seeding and feeding: nutrition and birth-associated exposures shape gut microbiome assembly in breastfed infants. 2025.



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл