2026 оны 07 сарын 23

Микробиом гэдэг нь бидний биеийн дотор болон гадаргуу дээр амьдардаг бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетүүдээс бүрдэх экосистем юм. Эрүүл хүний биед энэхүү экосистем нь бие махбодын физиологийн үйл ажиллагаатай нягт уялдан ажиллаж, дотоод орчны тогтвортой байдал (гомеостаз) болон ерөнхий эрүүл мэндийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ходоод гэдэс, арьс, амны хөндий, бэлэг эрхтэн, уушги мөн нүдний гадаргуу зэрэгт байрлаж, хэсэг бүр өөрийн гэсэн өвөрмөц микробиомыг бүрдүүлдэг.
Нярайн микробиомын анхны бүрэлдэхүүн нь эхийн микробиом, төрөлтийн арга, хөхөөр хооллолт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. 3-5 насанд тогтсон гэдэсний микробиом нь ойролцоогоор 160 төрлийн бактери байх бөгөөд энэ нь амьдралын туршид харьцангуй тогтвортой байдаг. Гэсэн хэдий ч антибиотик хэрэглэх давтамж, хоолны дэглэмийн урт хугацааны өөрчлөлт, бактерийн халдвар, амьдралын хэв маягийн хүчин зүйлсээс шалтгаалан цаашид микробиомын төрөл өөрчлөгдөж байдаг.
Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 38 их наяд бичил биетний эс оршин байдаг.
Эрүүл хүний биед эдгээр бичил биетүүд нь бие махбодтойгоо харилцан ашигтайгаар оршин амьдарч, хоол боловсруулалт, шим тэжээлийн шимэгдэлт, бодисын солилцоо, дархлаа болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмждэг. Харин микробиомын тэнцвэр алдагдвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж болно.
"Мартагдсан эрхтэн"
Микробиомыг "мартагдсан эрхтэн" гэж нэрлэх нь ч бий. Учир нь энэ нь хүний биеийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэж, бидний өөрийн эсүүдийн нэгэн адил бие махбодын салшгүй хэсэг юм. Бид ашигтай бичил биетүүдгүйгээр эрүүл оршин тогтнох боломжгүй. Харин микробиомоо зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг болон шаардлагатай үед пробиотикоор дэмжвэл, микробиом ч мөн бидний эрүүл мэндийг хамгаалж, дэмжихэд тусалдаг.
Эх сурвалж